Тоолох нь өөрчлөгдлөө

Түүнтэйгээ уулзахыг хүснэ. Уулзахаараа үнснэ, удаан ширтнэ, үгийг нь сонсоно. Шинэ жилийн анхны өдрийг хамтдаа угтахсан. Санасаар байтал унжийсан амьтан боллоо. Эх адаггүй шулганаад байдаг юм, тэр минь. Юм ярих ч шаардлага байхгүй, өөрөө л жиргээд байна. Туулах амьдралд нь тээг болохгүй юмсан гэж бодовч тавиад явуулчих гэхээр зүрх минь өвдөхөөс айна, хувиа бодсон амьтан. Надад дурласан гэдэг нь нүднээс нь илт байдаг. Намайг харин хайрлах болов уу, эргэлзээтэй. Шинэ он гарах дөхлөө дөө, шинээр тоолж эхлэх болох нь.

Гэмгүйхэн

Тэр маань хамраа зангидаад ярианыхаа утгыг бодож байх нь эгдүүтэй хөөрхөн. Эрхлэнгүй хэрнээ захирангуй түүний минь сэтгэл надтай хамт байгаадаа хангалуун байх шиг. Энэ бүсгүйг би үнэхээр хайрлаад байгаа бололтой. Арваадхан минутын дотор гомдох, баярлах, бахархах, бахардах сэтгэлийн хөдлөлүүд хөвөлзөөд өнгөрч байх юм.

Нэг л биш

Түүнийгээ харах бүрд баясгаланг мэдэрнэ. Надаас олон дүү тэр бүсгүй өөрт тохиолдсон сонин байж магадгүй түүхийг ам хуурайгүй ярина. Түүний яриаг сонсож буй төрхтэй суувч би дотроо түүнийгээ хэрхэн баяртай байлгах тухай л бодно.

Яриаг нь төдий л анзаарахгүй байгааг минь харин тэр минь мэдэрсэн байх, гэнэтхэн тунин гомдоллох нь надад бас л нэг үнэмшилгүй тайлбар олж хэлэх шалтгаан боллоо. Түүнийгээ тэврээд үнсэх, хөтлөөд алхах хүсэл тэсгэлгүй төрөвч мэдээж суудалдаа шигдэж суусаар нэг мэдэхэд өөр хүсэлд хөтлөгдөнө.

Бид хоёр уулзаж танилцаад 9 сар гаран болж байна. Миний дотны нэгэн найз танил бүсгүйтэйгээ кафед нэгэн орой сууж байгааг дуулаад би яльгүй ганцаардах маягтай явсан тул уухайн тас тэднийг зорилоо. Байгаа газрыг нь би мэдэлгүй дээ, өмнө нь хэдэнтээ найзтайгаа сууж байсан болохоор. Шууд яваад ортол тэд дөрвүүлээ болчихсон нэлээдгүй хөгжилтэйгээр ярилцаж байлаа. Тэнд байх гурван бүсгүйн хоёрыг нь би өмнө нь таньдаг, хэдэнтээ идэж ууж явахад тааралдаж байсан. Харин хажууд нь сууж таарсан бүсгүйг анх удаа харж байгаа ба хорь гаран насны, царайлаг, бас эвлэг харьцаатай, орчноо мэдэрч чөлөөтэй байж чаддаг, оюутан байж магадгүй байлаа. Хожим тэр бүсгүйг хайрлаж, түүнд дурлаж явахыгаа тэгэхэд бол яаж ч мэдэх билээ.

 Өнөөдөр би нэг л биш. Түүнийгээ баярлуулах аргаа бодно, санаанд юу ч алга.

First time

Анхны бичлэг оруулж байгаадаа баярлаж байна. Анхны юм болгон асуудалтай, амаргүй.

(Нийт: 4)

Тэгж байгаад үзнэ биз

Орчлон